УГСАРМАЛ ОРОН СУУЦ ДУЛААЛАХ 12,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС ГАРГАХААР БОЛЖЭЭ

2019/02/19
УГСАРМАЛ ОРОН СУУЦ ДУЛААЛАХ 12,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС ГАРГАХААР БОЛЖЭЭ

Улаанбаатар хотод 1965-2000 оны хооронд баригдсан 1077 блок угсармал орон сууцанд нийслэлийн нийт хүн амын 30 хувь буюу 45.462 өрх амьдарч байна. 

Дулааны алдагдал ихтэй эдгээр орон сууцны барилгыг дулаалснаар хэмнэсэн дулаанаар 9404 айл өрхийн орон сууцыг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломж бий болох юм. 

Өөрөөр хэлбэл “Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 70,3 Гкал/цаг дулааны эрчим хүчийг хэмнэнэ гэсэн үг.

Өнгөрсөн хоёр жилд "Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд угсармал орон сууцны барилгуудад эрчим хүчний аудит, барилгын гадна ханын дулаалга хийх ажлын зураг төслийг боловсруулсан.

Мөн 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан Барилгын Хөгжлийн Төвөөр магадлал хийлгэх, дулаан техникийн шинэчлэл хийх санхүүгийн механизм, ТЭЗҮ боловсруулах ажлуудыг олон улсын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас санаачлан "Даян дэлхий ногоон хөгжлийн байгууллага"-тай хамтран “Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоотой хийж гүйцэтгэх талаар зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.

Зөвлөгөөнд хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд оролцож, угсармал орон сууц дулаалах материалын судалгаа, танилцуулга, эдийн засаг, санхүү болон арилжаа, стратеги, менежмент зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, Сангийн Яам, УИХ-ын зарим гишүүд харилцан ярилцсаны үндсэн дээр угсармал орон сууцны дулаалгын төсөв болох 12.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар болсон талаар энэ үеэр онцолж байсан юм.

                                                                                                                                                                  П.Болор                                                                                                                                          

УГСАРМАЛ ОРОН СУУЦ ДУЛААЛАХ 12,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС ГАРГАХААР БОЛЖЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook