"ДЭД БҮТЦИЙН ТӨВ"-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

2019/02/20
"ДЭД БҮТЦИЙН ТӨВ"-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын дарга Ч.Батбилэг болон холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд  хийгдэж буй "Дэд бүтцийн төв"-ийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Төвлөрсөн шугамд холбогдох боломжгүй буюу гэр хорооллын дундын бүсийн айл өрхүүдийн орчныг сайжруулахын тулд хэсэгчилсэн инженерийн байгууламжтай дэд бүтцээр хангах шийдэл гаргасан.

Уг төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 7-р хороо буюу Телевизид нийслэлийн хөрөнгөөр, Сүхбаатар дүүргийн 18-р хороонд БХБЯ-ны хөрөнгөөр “Дэд бүтцийн төв”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм.

Нэг айлын дулаан, цэвэр, бохир усны асуудлыг шийдэхэд 60 орчим сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг нийслэлийн төсвөөс гаргаж, айлуудын хашаа руу шугамыг оруулж өгсөн байна.

Нийслэлийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7-р хороонд баригдаж байгаа энэхүү "Дэд бүтцийн төв" 5 гудамжны 200 гаруй хашааны 285 айл өрхийг дэд бүтцээр хангах бөгөөд одоогийн байдлаар  ажлын явц 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй, дулаанд холбогдсон, 5-р сарын 1 гэхэд цэвэр ус болон бусад холболтуудаа хийж, автозам, гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Оршин суугч айл өрхүүд 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлээд түүхий нүүрс түлээгүй, цэвэрхэн, дулаахан, тухтай байгаа тухайгаа ярьж байна. 

Төсөл хэрэгжсэнээс хойш 27 айл шинээр байшин барьсан, 100 гаруй айл хувиараа болон "Цэвэр агаар" сангийн шугамаар байшингаа засварласан, орон сууцанд орох хүсэлтэй байсан иргэд уг төсөлд хамрагдаж өөрийн гэсэн эдлэн газартай, тохьтой орчинд амьдрах сонирхолтой болсон  зэргээр эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.       

"Бид энэ хэсгийг “жишиг” хотхон болгох зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл авто зам, явган хүний, дугуйн зам, гэрэлтүүлэг, камержуулалт гээд тохижилтын ажлуудыг нь давхар шийдэж, хийж өгөх юм. Ирэх тавдугаар сард бид тохижилтын ажлыг бүрэн хийж, хүлээлгэж өгнө. "Дэд бүтцийн төв”-ийн хувьд өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд хоногт 520 куб метр боловсруулж, 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Өнөөдөр нийтдээ төсөлд хамрагдсан 285 айлыг халуун ус, дулаан, бохирт холбох ажлуудыг хийж байна. Төсөлд хамрагдсан бүх айл, өрх рүү шугам оруулах зардлыг НЗДТГ-аас шийдсэн. Харин айл, өрхүүдийн хувьд өөрсдөө ванн, душ, 00 суултуур, паар зэргээ шийдэх ёстой. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарал усаар бид жижиг хэмжээний цөөрөм хийх бодол байна. Өөрөөр хэлбэл цэвэрлэх байгууламжаас 99,9 хувийн цэвэршүүлсэн саарал ус гарах юм. Нийслэлийн хувьд 2019 оны төсөвт 20 тэрбум төгрөгийг суулгаж, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт  хоёр “Дэд бүтцийн төв”-ийг барихаар төлөвлөсөн" гэж Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү ярьж байна.

Нэг “Дэд бүтцийн төв” барихад ойролцоогоор 10 орчим тэрбум төгрөгийн зардал гарах бөгөөд 2020 он гэхэд 50 ширхэг "Дэд бүтцийн төв" барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна.

Жишиг болох эхний хоёр "Дэд бүтцийн төв"-ийг нийслэл, БХБЯ-ны хөрөнгөөр байгуулахаар төлөвлөсөн бол дараа дараагийнхийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт юм уу, зээл тусламжаар барьж байгуулна гэсэн үг.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын гэр хорооллыг 3 бүсэд хуваасан бөгөөд төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах, дундын бүсэд  хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээ буюу дэд бүтцийн төв байгуулах, алслагдсан гэр хорооллуудад нар, салхины сэргээгдэх эрчим  хүчний шийдлийг ашиглах юм.    

                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                 П.Болор   

"ДЭД БҮТЦИЙН ТӨВ"-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook