ГХДТ-ИЙН ХҮРЭЭНД "МОНТЕД КОНСТРАКШН" КОМПАНИЙН 154 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО

2019/01/19
ГХДТ-ИЙН ХҮРЭЭНД "МОНТЕД КОНСТРАКШН" КОМПАНИЙН 154 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Шинэ дэлхий" телевизийн зүүн урд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд  154 айлын 15 давхар, 2 блок орон сууц ашиглалтанд орж, газраа чөлөөлсөн иргэд байрны түлхүүрээ гардан авлаа.

Түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын дарга Ч.Батбилэг, төсөл хэрэгжүүлэгч “Монтед констракшин” компанийн гүйцэтгэх захирал н.Энхболд,  бусад албаны хүмүүс, газраа чөлөөлсөн иргэдийн төлөөлөл оролцсон юм. 

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү:

"Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын томоохон ажлууд ид өрнөж байна. Зам гүүрийн бүтээн байгуулалтын ажлууд, гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулган шинээр барих гэх мэт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Одоогийн байдлаар бид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 1712 нэгж талбарын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтанд оруулан, агаарын бохирдлын эх үүсвэр болж байсан 5001 айлын янданг буулгаад байна. Үүнээс 2018 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2030 айлын орон сууц ашиглалтанд орсон. Өнөөдөр ийнхүү ашиглалтанд орж буй 154 айлын орон сууцны барилгыг сэтгэл зүтгэл гарган, чанарын өндөр түвшинд барьсан төсөл хэрэгжүүлэгч “Монтед констракшин”  ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсье" гэлээ.

“Монтед констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Энхболд:

“Манай компанийн хувьд 2014 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ү хэсэгчилсэн талбайн 4.8 га газарт 1200 айлын орон сууцны бичил хорооллын төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд 420 айлын 12-15 давхар орон сууцны барилгуудыг ашиглалтанд оруулсан. Мөн 40 гаруй айлын хашааны газрыг бүрэн чөлөөлж, оршин суугчдыг тохилог орон сууцаар ханган ажиллаж байна. 2019 онд 140 айлын хоёр блок бүхий 15 давхар барилга барихаар хашааны газрыг бүрэн чөлөөлж бэлтгэл ажлуудаа ханган барилга угсралтын ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ. Бидний төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газар болон шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэдэд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Улаанбаатар хотод 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээр батлагдсан. Хэрэв төсөл амжилттай хэрэгжиж дуусвал 89.980 айл өрх орон сууцанд орох боломж бүрдэх юм. Түүнчлэн нийслэлийн удирдлагууд Монгол Улсын Хөгжлийн Банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, ашиглалтын шаардлага хангахгүй болсон  орон сууцны барилгыг буулган шинээр барих төслүүдийг санхүүжүүлэх тохиролцоонд хүрсэн. Уг төслийг  Хөгжлийн банк 200 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                                                                            

ГХДТ-ИЙН ХҮРЭЭНД "МОНТЕД КОНСТРАКШН" КОМПАНИЙН 154 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook