"ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ"-ЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БАТАЛНА

2018/11/27
"ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ"-ЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БАТАЛНА

2017 оны 10-р сард У.Хүрэлсүхийн Засгийн Газар бүрэлдэж эхлэнгүүтээ л "Ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулж ойрын хугацаанд батлуулна" гэж ярьсан.

Бүтэн жил гаруй яригдсан "Ипотекийн зээлийн шинэчилсэн журам"-ыг энэ долоо хоногийн Засгийн Газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэж байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.

Найман хувийн хүүтэй зээлийг:

-Дахин төлөвлөлтийн төсөл болон ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг дахин барилгажуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцнаас худалдаж авч байгаа,

-Анх удаа орон сууцанд орох гэж байгаа

-Инженерийн дэд бүтэцтэй, стандартад нийцсэн амины орон сууц барих иргэдэд олгохоор "Ипотекийн зээлийн шинэчилсэн журам"-д тусгажээ.

Өөрөөр хэлбэл улсын төсвөөс ипотекийн зээлд зориулан гаргах санхүүжилтийг хэрхэн зарцуулах талаар журам гаргаж байна гэсэн үг. 

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг 20-25 хувь болгох, зээлийн хүүг 7-7,5 хувь болгох талаар яригдаж байсан ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан боломжгүй гэж үзсэн байна.

Орон сууцны зээлийн талаар авах нааштай арга хэмжээ нь улсын төсвөөс олгож байгаа санхүүжилт болон өмнөх зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлд олгогдож байгаа эх үүсвэр нь 4 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад очиж байсныг 1 хувь болгох.

Ингэснээр арилжааны банкууд нэмээд 200 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зах зээлд гаргах боломжтой болно. 2017, 2018 онуудад 340 орчим тэрбум төгрөгийг улсын төсөв болон өмнөх зээлийн эргэн төлөлтөөс ипотекийн зах зээлд зориулан гаргаж байсан бол 500-600 тэрбум төгрөгт хүрч хүртээмж нэмэгдэх аж.

Банкуудад өгч байгаа эх үүсвэрийн хүүг 4 хувиас 1 хувь болгож бууруулснаар ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэх юм байна гэдэг гаргалгааг гаргах гэж ажлын хэсэг бараг бүтэн жил ажиллаж, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Барилга Хот Байгуулалтын сайд зөвшилцөлд хүрсэн аж.

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хор хөнөөлгүйгээр шийдэж байгаа эхний алхам нь энэ гэж үзээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор тогтоол гаргууллаа.

ОУВС-аас ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2019 оноос эхлэн Засгийн Газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн Газар энэ асуудлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тул Монголбанк уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болоод байгаа талаар албаныхан ярьж байна.

Ипотекийн зээлийг улсын төсвөөс, Монголбанкнаас буюу өмнө олгогдсон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр, арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр гэсэн гурван эх үүсвэрээр олгож байгаа юм.

                                                                                                                                                            П.Болор                                                                                                                                                                         

 

"ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ"-ЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БАТАЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook