ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХӨГЖӨӨГҮЙ УЛААНБААТАР

2018/11/23
ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХӨГЖӨӨГҮЙ УЛААНБААТАР

Улаанбаатарын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд орос ах нарын тусламжтайгаар  хийсэн байна. Түүнээс хойш хэд хэдэн удаагийн ерөнхий төлөвлөгөөг Оросууд хийж байсан аж. 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монголчууд өөрсдөө хийжээ. Уг төлөвлөгөөнд 2013 онд тодотгол хийж, 2030 он хүртэлхи Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг УИХ-аас баталсан. 

Газар доорхи орон зайгаа ашиглах, агаарын хот хот байгуулах зэрэг шийдэл манай улсад үгүйлэгдэж байгаагаас Улаанбаатар хот түгжрэл, утаа зэрэг олон асуудалтай тулгарч улам бүр л нөхцөл байдал хүндэрсээр байгаа юм.  

УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ /1954 он/

Анхны ерөнхий төлөвлөгөөг 20-25 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба 130 мянган хүн амтай байхаар тооцсон. 

Нийслэл хотыг хөгжүүлэхэд төв хэсгийн төлөвлөлтийг өмнө зүгтээ задгайлсан Их, Бага тойрогтойгоор төв талбайг зохион байгуулахаар төлөвлөж байжээ. 

Ерөнхий төлөвлөгөөний зураглал дээрхи тойрог загвар нь Монголын уламжлалт сууц болох гэрийг дүрсэлсэн байдаг ба энэхүү концепц нь Улаанбаатар хотыг бусад орны хот суурингаас ялгаж өгдөг аж.

УЛААНБААТАР ХОТЫН ХОЁР ДАХЬ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ /1961 он/

Улаанбаатар хотыг 1960-1980 он хүртэл 20-25 жилийн хугацаанд 230-250 мянган хүн амтай, уртаашаа 20 км, өргөөшөө 6-8 км-т 3900 га барилгажилтын талбайтай байхаар тооцсон. 

Мөн Төвийн, Баруун, Зүүн, Үйлдвэрийн гэсэн дөрвөн хэсэгт хуваагдах, Аж үйлдвэрийн комбинатын, Толгойтын, Амгаланбаатарын гэсэн районтой байхаар төлөвлөлт хийгджээ.

УЛААНБААТАР ХОТЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ /1976 он/

Улаанбаатар хотыг 1976-2000 он хүртэл 25 жилийн хугацаанд дагуул хотуудын хамт 550-600 мянган хүн амтай байхаар тооцсон байна. 

Орон сууцны 21 хороололтой байх төв, баруун, зүүн бүс болгон барилгажуулах, Зуумод, Баянцогт, Эмээлт, Сонгино, Налайх зэрэг дагуул хаяа хот тосгодыг бий болгохоор тусгагдсан байдаг. 

Мөн нэг хүнд  ноогдох 12 м.кв бүхий 4000 м.кв орон сууцны хорооллыг 2000 он гэхэд бүтээн байгуулахаар төлөвлөжээ. 

УЛААНБААТАР ХОТЫН ДӨРӨВ ДЭХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ /1986 он/

1980 оны эхээр бий болсон үйлдвэрлэлийн ажиллах хүчний байршил, шилжилт хөдөлгөөн, бүсийн хэмжээнд нийгэм эдийн засгийн тэнцвэргүй байдал зэргээс шалтгаалан Улаанбаатар хотын хүн ам хурдацтайгаар өсөх болсон. 

Дээрхи  шалтгааны улмаас Улаанбаатар хотыг 2010 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хотын хүн амыг 850 мянга, үүний 750 мянга нь хотын бүсэд, 100 мянга нь дагуул, хаяа хот тосгодод суурьшихаар төлөвлөсөн байдаг. 

Мөн хотын гол гудамж зам 130 км, хорооллын чанартай гудамж зам 60 км, хотын зам 40 км байхаар тооцогджээ.

УЛААНБААТАР ХОТЫН ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ /2002 он/

Монголын архитекторууд, мэргэжилтнүүдийн боловсруулсан Улаанбаатар хотын 2020 он хүртэлхи хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь Улаанбаатар хотыг дэлхийн томоохон хотуудын нэг болгон хөгжүүлэхэд чиглэгдсэн ба нийслэл хотыг 1 сая 650 мянган хүнтэй байхаар төлөвлөгджээ. 

Хотын нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг төвийн, баруун, зүүн, шинэ гэсэн 4 хэсэгт хувааж, төлөвлөлтийн дагуу бие даан хөгжих боломжийг нээж өгсөн. 

2020 ОН ХҮРТЭЛХИ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ, 2030 ОНЫ ЧИГ ХАНДЛАГА /2013 он/

2020 он хүртэлхи ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 жил өнгөрсөн ч түүний хэрэгжилт хангалтгүй байсан тул тодотгол хийх ажлыг НЗТХ-ийн мэргэжилтнүүд болон үндэсний эрдэмтэн мэргэжилтнүүд хамтран боловсруулсан. 

Хотын хүн амыг 2020 онд 1 сая 534 мянга, үүнээс дагуул хаяа хот тосгодод 298 мянган хүн оршин суухаар төлөвлөгдсөн. Мөн дагуул, хаяа хот тосгодыг түлхүү хөгжүүлэхэд чиглэгдсэн. 

                                                                                                                                                              П.Болор                                                                                                                      

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХӨГЖӨӨГҮЙ УЛААНБААТАР   
Тэнхлэг зууч ХХК - Facebook