"УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИХ ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЖУРАМ"-ЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨРГӨН БАРИНА

2018/11/13
"УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИХ ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЖУРАМ"-ЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨРГӨН БАРИНА

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ"-ний талаархи Барилга Хот Байгуулалтын сайдын мэдээллийг сонслоо.

Барилга Хот Байгуулалтын яамнаас “Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн Газарт өргөн барих гэж байна. 

Уг журамд ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн  болон ашиглалтын хугацаа дууссан орон сууцыг дахин барилгажуулах төслийн хүрээнд баригдсан орон сууц худалдан авч байгаа, амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбох иргэдийг бодлогоор дэмжихээр тусгажээ.

БХБ-ын сайд Х.Баделхан: 

-2008 оноос “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” батлагдан хэрэгжиж байна. 2008-2012 оны хооронд 42,6 мянган иргэн ипотекийн зээлийн журмын дагуу орон сууц авсан. 2013-2016 оны хооронд 76 мянган иргэн орон сууц худалдан авсан байна.

2016 оноос Монгол Улс эдийн засгийн хямрал, хүндрэлийн улмаас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан  тул ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ буурсан.

2019 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн Газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж ОУВС үзсэн. 2017 онд улсын төсвөөс 111.0 тэрбум төгрөг, 2018 онд 120 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн.

Ипотекийн зээл  нь улсын төсөв, Монголбанкны эх үүсвэр буюу өмнөх зээлийн эргэн төлөлт, арилжааны банкны  гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байна.

2018 оны эхний 10 сарын байдлаар арилжааны банкны эх үүсвэрээс 248.4 тэрбум төгрөгөөр 3798 иргэнд зээл олгосон бол Монголбанкны эргэн төлөлт, улсын төсвөөс 236 тэрбум төгрөг гаргаж 3578 иргэн орон сууцтай болсон. Энэ оны эхний 10 сарын байдлаар хөтөлбөрийн зээлийн санхүүжүүлтэд 448.4 тэрбум төгрөг гаргаж, 7300 иргэн орон сууцтай боллоо. Оны эцэс гэхэд энэ тоо  нэмэгдэж, өнгөрсөн жилийнхтэй адил 10 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана гэж үзэж байна.

Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах талаар баримталж байгаа бодлого, ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж байгаа эсэх талаархи УИХ-ын гишүүдийн асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулахдаа:

ОУВС-аас ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2019 оноос эхлэн Засгийн Газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн Газар энэ асуудлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тул Монголбанк 2008 оноос хэрэгжүүлж байгаа уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болоод байгааг онцолсон юм.

Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс жилд 200 тэрбум төгрөг, Засгийн Газраас 110 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийснээр сардаа 30 тэрбум төгрөг арилжааны банкуудад очно. Монголбанк зээлийн хүүгээ 4 хувь байсныг 1 хувь болгосноор арилжааны банкны санхүүжилтийн эх үүсвэр хямдарч улмаар ипотекийн зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлэн жилд 200 тэрбум төгрөгт хүргэвэл сардаа гурван эх үүсвэрээс нийтдээ 50-60 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарч, зээлийн хүртээмж нэмэгдэх боломжтой гэдгийг тэрээр дурдаж байв.

Цаашлаад ипотекийн зээлийн эрэлтийг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлсний дараа ипотекийн зээлийн хүүгийн хэмжээг бууруулах алхам хийх боломжтой гэж үзжээ.

Ипотекийн зээлээр орон сууц авах хүсэлтэй иргэдийн дунд судалгаа хийхэд нийслэлд урьдчилгаа 30 хувиа төлөөд зээлд хамрагдах 33 мянга, орон нутагт 14 мянган  иргэн байгаа учраас  зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан байна.

Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувийн саналаар дэмжлээ.

                                                                                                                                                             П.Болор

                                                                                                                                                                            

"УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИХ ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЖУРАМ"-ЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨРГӨН БАРИНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook