У.ХҮРЭЛСҮХ: "ЦЕМЕНТЭЭ ЭКСПОРТОД ГАРГАХ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЖ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ"

2018/10/16
У.ХҮРЭЛСҮХ: "ЦЕМЕНТЭЭ ЭКСПОРТОД ГАРГАХ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЖ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ"

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд дэд бүтэц, бүтээн байгуулалтын бүс нутагт ажиллаж байна. 

Тэрээр Дорноговь аймгийн Өргөн суманд ажиллаж, хоногт 1750 тонн буюу жилд нэг сая тонн цемент, цементийн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын цементийн үйлдвэрийн үйл ажилагаатай танилцлаа.

“Монцемент Билдинг Материалс” ХХК энэ үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулснаас хойш өнөөдрийг хүртэл 650 мянган тонн европ стандартын цемент үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 40 орчим хувийг хангаж байна.

Монцемент үйлдвэрийн усны хэрэглээ нойтон аргын технологиос тав дахин, эрчим хүчний зарцуулалт 30 хувь бага, түлш зарцуулалт хоёр дахин бага байх бөгөөд үйлдвэрийн болон ахуйн хаягдал усны 90 хувийг дахин цэвэршүүлж тоног төхөөрөмжийн хөргөлт, зам талбай болон ногоон байгууламжийн усалгаандаа ашигладаг аж.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт 500 гаруй хүн ажилтай болжээ. Дорноговь аймгийн төв Сайншанд болон Өргөн зэрэг сумын залуучуудыг дадлагажуулан сургаж ажиллуулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл, төмөр замын өртөөний өргөтгөл зэргийг Өргөн суманд байгуулжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

"Манай улсын цементийн хэрэгцээ жилд 1.8 сая тонн байдаг. Үүний нэг сая тонныг импортоор оруулж ирдэг үе саяхныг хүртэл байсан. Засгийн Газар дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжсэний үр дүнд манай улс өнөөдөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг боллоо. Одоо манай үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортолж, гадаад зах зээлд гаргах боломжийг судалж, эрэлхийлэх нь чухал байна" гэж онцоллоо. 

Байгальд ээлтэй, сөрөг нөлөө багатай технологи ашиглаж, цэвэр ус, эрчим хүчээ хэмнэж, эх орныхоо газрын баялгаар аж үйлдвэр, зам барилгын ажлын амин судас болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тус үйлдвэрийн хамт олонд Ерөнхий Сайд талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн юм.

                                                                                                                                                                           П.Болор

У.ХҮРЭЛСҮХ: "ЦЕМЕНТЭЭ ЭКСПОРТОД ГАРГАХ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЖ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ"  
Тэнхлэг зууч ХХК - Facebook