Т.АМАРСАНАА: " VIP RESIDENCE ТӨСӨЛ МОНГОЛЫН БАРИЛГА, ОРОН СУУЦНЫ САЛБАРЫГ НЭГ ШАТААР АХИУЛЖ БАЙНА

2018/09/26
Т.АМАРСАНАА: " VIP RESIDENCE ТӨСӨЛ МОНГОЛЫН БАРИЛГА, ОРОН СУУЦНЫ САЛБАРЫГ НЭГ ШАТААР АХИУЛЖ БАЙНА

VIP RESIDENCE  өндөр зэрэглэлийн орон сууцны хотхоны талаар мэдээлэл бэлтгэхээр  Яармагийг зорилоо. 

Хүмүүсийн очих дуртай болоод байгаа худалдаа үйлчилгээ, гэр бүлийн энтертэйнмэнт төв болох Хүннү Моллын чанх урд энэхүү хотхон баригдаж байна. 

Хотхоноос баруун тийш 200 метр орчим зайд “BRITISH SCHOOL OF ULAANBAATAR” олон улсын дунд сургууль, хотхоны яг хажууд  Харумафүжи Бямбадоржийн үүсгэн байгуулсан “ШИНЭ МОНГОЛ сургууль байрладаг аж.

Байгальд ойр боловч хотын төвөөс хол биш, зам харилцаа сайтай, цэвэр усны нөөцийн дэргэд... гээд байршлын хувьд давуу тал олон гэдэг нь хэнд ч анзаарагдана.

Хотхоны загварын байр хөл хөдөлгөөн ихтэй байв. Сүүлийн үеийн трэнд болох минималист хэв маяг, контемпорари өнгөний зохицол зэрэг орчин үеийн интерьер дизайны шинж чанаруудыг агуулсан нь анхаарал татна. 

Зочны өрөөнөөсөө салаалсан өрөөнүүдтэй биш, өөрөөр хэлбэл зочны өрөөнд байгаа хүмүүст саад бололгүйгээр бусад өрөө рүү орж гарч болохоор төлөвлөсөн нь тун аятайхан санагдаж байлаа.

Олон давуу талыг шингээсэн өндөр зэрэглэлийн орон сууцны хотхоны талаар Төслийн удирдагч, “Лидер Буянт Холдинг” компанийн дэд захирал Түдэвийн Амарсанаатай ярилцсан ярилцлагаа хүргэж байна. 

-Сайхан намаржиж байна уу? Их ажлынхаа хажуугаар, ярилцах хүсэлтийг минь хүлээн авсанд талархаж байгаагаа юуны өмнө илэрхийлье.

-Сайхан намаржиж байнаа. Бидний бүтээн байгуулалтыг зорьж ирсэн та бүхэнд ч бас талархаж байна.

-Яармагийн дэнжид өнгө нэмэх маш сайхан хотхон баригдаж байна. Энэ орчимд өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлье гээд л шууд сэтгэлийн хөөрлөөр шийдчихээгүй, нэлээд судалгаа хийж, бодож эргэцүүлсэн болов уу гэж бодогдлоо?

-Өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх санаагаа өнгөрсөн жилийн дундуур олж, намраас судалгаагаа хийж, өвөл ТЭЗҮ-гээ боловсруулж дууссан. Тухайн үед зах зээл уналттай, эдийн засгийн хямралаас хараахан гарч амжаагүй, хонгилын үзүүрт бага зэргийн гэрэл харагдсан байдалтай байлаа. Стандарт зэрэглэлийн орон сууцнууд олноороо зарагдаагүй байгаа гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэлж байв. Бид энэ газраа сонгож аваад, ямар орон сууц барих талаархи зах зээлийн судалгааг нэлээд хийсэн л дээ. Ингээд өндөр зэрэглэлийн орон сууц барья гэдэг шийдэлд хүрсэн юм. Эдийн засгийн хямралын үед өндөр зэрэглэлийн орон сууцны борлуулалт буураагүй, тодорхой хэмжээнд борлуулалт хийгдээд байсан нь ийм шийдэлд хүрэх нэг үндэс болсон. Хоёрдугаарт, энэ байршил нь өөрөө “Энд дээд зэргийн чанартай байр байх юм шүү” гэсэн өгөгдлийг цаанаас нь өгч байлаа.

-“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлхи хөгжлийн хандлага”-д Яармагийг хотын нэг төв болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг? Энд төсөл хэрэгжүүлэх бас нэг чухал үзүүлэлт болсон байх?

-Улаанбаатарын ерөнхий төлөвлөлт алдагдсан байсан. Жишээ нь: Зайсанд дор бүрнээ жижиг жижиг газар авч тэндээ барилга барьсаар ирсэн. Дэд бүтэцгүй, цаашлаад газар нь ч тодорхойгүй байхад л  зүтгээд тэнд барилга бариад байдаг байв. Ерөнхий төлөвлөлт гэдэг өөрөө асар чухал юм. “Хүннү Молл”-ын урдаас эхлээд баруун тийшээ, дээр үед морь барьдаг, наадам болдог байсан энгэр орчим хүртэл энэ талбайд хотын шинэ төв бий болох мастер төлөвлөгөө батлагдсан. Үүнийг дагаад хотын захиргаа энд ирж байна. Биднийг ТЭЗҮ боловсруулж байхад энэ талаар сонсогдож байсан л даа. 

УС САЙН БАЙГАА НЬ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГУРАВДАХЬ ДАВУУ ТАЛ. ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДӨРӨВДЭХ ДАВУУ ТАЛ НЬ ЭНЭ ОРЧИМД БАЙГАА САЙН СУРГУУЛИУД. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ МЭДДЭГ, СОНИРХДОГ ХЭН БҮХЭН ҮҮНИЙГ МЭДНЭ.

Ерөнхий төлөвлөлтөөс гадна бас нэг чухал үзүүлэлт нь ус. Энд ус маш сайн. Манай барилга баригдаж байгаа энэ орчимд, Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжаар Богд уулын гүний цэвэр уснаас тэжээгддэг усан сан байгуулагдсан. Энэ  усан сан нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын задгайд хэрэгжиж байгаа төслүүдийг хангах зорилготой. Ус сайн байгаа нь өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх гуравдахь давуу тал. Өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх дөрөвдэх давуу тал нь энэ орчимд байгаа сайн сургуулиуд. Үл хөдлөх хөрөнгө мэддэг, сонирхдог хэн бүхэн үүнийг мэднэ. 13-р хороололд байрладаг “Шинэ Монгол” сургуулийн 2-р салбар энд байгуулагдаж Харумафүжи аварга хөрөнгө оруулсан.

Миний том охин 13-р хороололд байрладаг “Шинэ Монгол” сургуулийг төгссөн. Сургалтын технологи, хувь хүнийг төлөвшүүлж байгаа байдал зэрэг нь маш сайн. Нэгдүгээр ангид 80 хүүхэд элсүүлж авахын тулд 1500 хүүхэд шалгалт өгч байх жишээний. Хуучин цагийн конкурсээс илүү юм болж байна. Энэ мэт өндөр зэрэглэлийн орон сууц барих олон өгөгдөхүүн байсан. 

Эдгээр өгөгдөхүүнүүдээс гадна Монголын барилгын салбарыг тодорхой нэг шатаар ахиулах бидний хүсэл тэмүүлэл байлаа. Өндөр зэрэглэлийн орон сууцны төслүүдийг судалж, дэлхий дээрхи шинэ инновациуд юу байна, ухаалаг шийдлүүд юу байна гэдгийг бүгдийг судалж, үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, BRITISH SCHOOL OF ULAANBAATAR”, “ШИНЭ МОНГОЛ” сургуулиудад сурч байгаа хүүхүүдийн эцэг эх, энэ орчмын зарим хотхон, хорооллын оршин суугчид зэрэг 400 орчим хүнтэй нүүр тулсан ярилцлага хийсэн.

-Төслийн нэрийг ямар утга билэгдэж өгсөн бэ? 

-Дээр дурдсан судалгаанууд дээр үндэслэн боловсруулалт хийж VIP байх ёстой гэж үзсэн.  Эрхэм хүндтэй чухал хүн гэдэг утгаар хэрэглэгддэг VIP гэсэн гурван үгийн нийлбэр нь манай хувьд арай өөр утга илэрхийлж байгаа.

Үнэ цэнэтэй байх, дэд бүтэц нь хангалттай шийдэгдсэн байх, дэд бүтэц нь шинэ байх, эрүүл мэндэд тустай байх - энэ бүгд Valuable гэсэн үгээр илэрхийлэгдэж байна.

Инноваци шингэсэн шинэлэг байх, ухаалаг шийдлүүдтэй байх. Түүнээс гадна маш амаргүй дугуй хийцлэл, өрөө хуваарилалт. Энэ бүгд шинэлэг. Өрөөнүүдэд хэрэглэгдэхгүй булан тохой гэж байхгүй. Хүн гэртээ сэрүүн байх цагийнхаа 70-80 хувийг том өрөөндөө өнгөрөөдөг, унтлагын өрөөнд байх цаг бага гэдэг нь судалгаанаас харагдсан. Аль өрөөнд ямар талбай хуваарилах вэ гэдэг нь маш чухал болж байна. Энэ бүгд судалгаан дээр үндэслэсэн. Мэргэшсэн, мундаг компаниуд хэдэн сарын турш төлөвлөлтөн дээр ажиллалаа.

Барилгын суурийн асуудал маш чухал. Манай барилга цул хадан дээр боссон. Бид энэ оны 2-р сарын 20-ны үеэр хөрс хуулалтаа эхэлсэн юм. Анх төлөвлөхдөө хөрс хуулалтаа хоёр долоо хоногт багтаагаад хийнэ гэж тооцоолж байсан ч сар хагас үргэлжилсэн. Өнгөн хэсгээ хуулаад л улаан хад гарч ирсэн. Улаан хад нь дуусч эхэлсэн чинь цагаан хад залгаж гарч ирж байгаа юм. 

Бүх техник технологийг ашиглаад, сүүлдээ барилгын салбарын мундагчуудтай уулзаж: “Энэ газартай яаж “байлдах вэ” гэж асуухад “Сансрын тунелийг барьж байхад ийм цагаан хад гарч, бид дэлбэлж байж тунелийг гаргаж байлаа. Тийм л газар байна” гэж ярьцгааж байсан. Бид арай ч дэлбэлээгүй, дэлбэлж болохгүй. /Инээв/. Ингээд ноцолдсоор байж болгосон доо. Тэгэхээр маш бат бөх суурьтай барилга босч байна гэж ойлгож болно. Суулт өгөхгүй, ус нэвчихгүй, газар доргилтод тэсвэртэй гээд бат бөх суурьтай.

БАРИЛГЫН СУУРИЙН АСУУДАЛ МАШ ЧУХАЛ. МАНАЙ БАРИЛГА ЦУЛ ХАДАН ДЭЭР БОССОН. БИД ЭНЭ ОНЫ 2-Р САРЫН 20-НЫ ҮЕЭР ХӨРС ХУУЛАЛТАА ЭХЭЛСЭН ЮМ. АНХ ТӨЛӨВЛӨХДӨӨ ХӨРС ХУУЛАЛТАА ХОЁР ДОЛОО ХОНОГТ БАГТААГААД ХИЙНЭ ГЭЖ ТООЦООЛЖ БАЙСАН Ч САР ХАГАС ҮРГЭЛЖИЛСЭН. ӨНГӨН ХЭСГЭЭ ХУУЛААД Л УЛААН ХАД ГАРЧ ИРСЭН. УЛААН ХАД НЬ ДУУСЧ ЭХЭЛСЭН ЧИНЬ ЦАГААН ХАД ЗАЛГАЖ ГАРЧ ИРЖ БАЙГАА ЮМ.

 Арматур сонголт бас чухал. Манайх “Улаанбаатар Менежмент” компанийн оруулж ирсэн, Оросод үйлдвэрлэсэн 2018 оны загварын A500СП арматурыг ашигласан. Энэ арматур нь бат бөхийн чанараараа бусдаас 20-30 хувь илүү.

Энэ бүгд цогцоороо Innovative гэсэн утгыг  алхам тутамдаа, ажил болгондоо, материал сонголт, хийцлэл дээрээ харуулж байна.

Peaceful. Энэ нь амар тайван гэсэн утгын илэрхийлэл. Сүүлийн үеийн төлөвлөлтийн нэг онцлог нь автомашинаас зай барих. Автомашины их бөөгнөрөл бидэнд маш сөргөөр нөлөөлж байна. Манайх автомашиныг зайчилж байна. Машин огт ил байлгахгүй. Хоёр давхар зогсоолтой. "Шинэ Монгол" сургуультай хонгилоор холбогдоно. Хүүхдүүд сургууль руугаа шууд хонгилоор яваад орно гэдэг аюулгүй. Экстерьерийн мундаг шийдлүүдийг бид хийлээ. Манай нэг чухал давуу тал нь Богд уултай шууд залгаа. Тиймээс зусланг орлоно гэсэн үг.

Valuable, Innovative, Peaceful гэсэн 3 концепциороо VIP RESIDENCE төсөл нь Монголын барилга орон сууцны салбарыг нэг шатаар ахиулж байна. Манай төсөл дээр Монголын барилгын болон үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдэг мэргэжилтнүүд нэг баг болон ажиллаж, Монгол хүмүүс нэгдэж, нийлж, хийж чаддаг юм шүү гэдгийг харуулах нэг жишээ болж байна.

-Архитектурын шийдэл нь их өвөрмөц  юмаа?

-Архитектурын шийдэл нь Викториа шийдэл. Английн хатан хаан Викториа барилгын салбар, уран барилгын салбарыг их дэмжсэн байдаг юм байна. Тэр үед Английн уран барилга маш их хөгжсөн гэдэг. Лондонгийн нүүр царай болсон барилгууд тэр үед л баригдсан байдаг юм байна. Архитектор Чагнаа энэ хийцлэлийг сонгож хийсэн.

Одоогийн байдлаар манай загварын байраар мянгаад хүн зочилсон. Бүгд их өндөр сэтгэгдэлтэй байлаа. Саяхан болж өнгөрсөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалтад Малайз, Сингапур, Хонгконгоос ирж оролцсон архитекторуудтай танилцан, тэднийг урьж авч ирсэн юм. Тэд маш өндрөөр үнэлж, магтсан. Илүү эко, ногоон тал руугаа чиглэж, дэлхий нийтийн чиг хандлагад ихээхэн нийцэж байна гэж тэд үнэлсэн нь бидэнд их урам зориг өгсөн шүү.

-Төслийн хэмжээнд хэдэн айлын орон сууц барихаар төлөвлөсөн бэ? 

-Нийт 230 айлын орон сууцны төсөл. Одоогийн байдлаар 154 айлын орон сууц баригдаж байна. Давхартаа 2 айлтай. 2019 оны 2-р улиралд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй. Энэ 10-р сарын дундуур халаалтаа авна. Угсралтын ажил дуусч, сантехникийн ажлын бэлтгэл хийгдэж байна, өрлөг шаврын ажил явагдаж байна. Халаалтаа авчихаад өвөлжингөө заслын ажлаа хийгээд  ирэх оны таваас зургадугаар сард ашиглалтанд оруулах боломжтой. Угсралтын шатанд 300 гаруй хүн ажиллалаа. Энд барилгынхаа фасадны давуу талыг дурдмаар байна. Сүүлийн үед тор тавиад шавардаж байгаа нь эхний үедээ сайхан харагдаж байгаад яваандаа болохоо болиод байгаа шүү дээ. Манай барилгын фасадны хувьд Солонгосоос оруулж ирж байгаа хөнгөн цагаан металл хавтан. Өнгө алдахгүй, 100 жилийн настай. Фасадны ажил хийж байгаа гүйцэтгэгч компани одоогийн түвшинд 300-аад хүнтэй ажиллаж байна. Засал дээр мөн ийм тооны хүн ажиллах байх.

-Миний хувьд, танай төслийн талаар олны дунд яригдаж байгаа эерэг сэтгэгдлийг нэлээд олон удаа сонссон шүү. Яармагт нэг гоё төсөл хэрэгжиж байна лээ, үнэ нь хэд юм бол гэж асуух хүмүүс байсан?

-Үнэ цэнэтэй, байгальд ойр байршилд шинэлэг бүхнийг шингээн хэрэгжүүлж байгаа төсөл гэхэд үнэ нэг их өндөр биш. 3 сая 800 мянган төгрөгөөр захиалга авч байгаа. Өрсөлдөхүйц үнэ гэж бодож байна. Та бүхэн ирээд үзвэл тусгайлсан бэлэг байгаа. Хүн амьдралдаа орон байрны сонголтыг цөөхөн удаа хийдэг байх. Тэр сонголтоо зөв хийгээрэй гэж зөвлөмөөр байна.

-Гүйцэтгэгч “Лидер Буянт Холдинг” компани нийслэлийн нүүр царай болсон томоохон төслүүдийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэлээд туршлагатай компани шүү дээ?

-VIP RESIDENCE төслийг “Улз Буянт Пропертиз” компани хэрэгжүүлж байгаа. Харин гүйцэтгэгчээр “Лидер Буянт Холдинг” компани ажиллаж байна. Гүйцэтгэгч “Лидер Буянт Холдинг” компанийн хувьд  өмнө нь  Будда Виста,  Велла Виста, Асем, Шангрила зэрэг төслүүдийн ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. “Орчлон Констракшн” компанийн “High Apart” төслийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн зэрэг ихээхэн туршлага хуримтлуулсан. Энэ бүгд Монголын барилгын салбарын нүүр царай болсон бүтээн байгуулалтууд.

-Та ямар мэргэжилтэй вэ? Өмнө нь хаана ажиллаж байв?

-Миний хувьд менежментийн чиглэлийн хүн. “Лидер Буянт Холдинг” компанийн дэд захирлаар ажиллаж байна. Харин миний өөрийн үүсгэн байгуулсан компани сургалт, зөвлөх үйлчилгээ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 10 жилийн хугацаанд маш олон байгууллага, үйчлүүлэгчтэй хамтарч ажилласан байдаг. Миний бие сүүлийн 3 жилд “Лидер Буянт Холдинг” компанид ажиллаж, 2017 оноос энэ төсөл рүү гүнзгий орж ажиллаж байна.

-Яармаг төвийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Яармагт барилгажилт их явагдаж байна. Костко гээд Америкийн худалдааны төв манай энэ зүүн талд баригдаж байна. Хүннү Молл байна. Хотын захиргаа нүүж ирнэ. Цаашлаад том том төслүүд хэрэгжинэ. Таван жилийн дараа энд хотын сайхан төв бий болсон байх болов уу гэж харж байна. Зам харилцаа цэгцтэй, дэд бүтэц шинэ, муудсан хоолойгоор ус дамжихгүй шинэ хоолойгоор ирж байгаа... гээд Яармаг орчмын давуу талууд маш их байна.

-Цаг зав гаргаж ярилцсанд их баярлалаа. Таны болон хамт олны тань ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сайтын хамт олонд болон уншигчиддаа сайн сайхныг хүсье.                                                                                                                                  

Байгальд ойр, үнэ цэнэтэй байршилд баригдаж байгаа энэхүү өндөр зэрэглэлийн орон сууцанд оршин суугчид буйдан дээрээ тухалж суугаад гэрийн автоматжуулалтын нэгдсэн удирдлагаар хөшгөө хааж нээж, гэрлээ унтрааж асааж, бүдэгрүүлж тодруулж, улмаар халаалтаа багасгаж ихэсгэн, хэрэгтэй үйлчилгээгээ захиалах боломжтой. Энэ бүгдийг гар утаснаасаа л амжуулах аж.

Цаашлаад ус алдаж буйг мэдэрснээр усан хангамжийг хаах ухаалаг мэдрэгчтэй болохоор ус тасарсан үед крантаа хаасан эсэхэд  эргэлзэж эргэж буцах шаардлагагүй, мөн гэрийнхээ цахилгаан хэрэгсэл, залгуур бүрийг ухаалаг удирдлагаар тогноос салгах боломжтой, гэрээсээ гарахдаа “эзгүй” гэсэн горимыг сонгосноор хөдөлгөөн мэдрэгчийн тусламжтайгаар хотхоны харуул хамгаалалтынханд гадны халдлага мэдээлэгдэх, зогсоолд тавьсан машин, дугуй, гадаа тоглож байгаа хүүхдүүд, орц, шат гээд хотхондоо харахыг хүссэн бүхнээ гэрээсээ хянах... гээд л цаг зав, аюулгүй байдлыг хангах бүхий л төхөөрөмж энэ хотхонд байна.

Үнэ цэнэтэй, шинэлэг, амар амгалан байх бүхий л нөхцлийг бүрдүүлэх VIP RESIDENCE хотхоны загварын байраар та бүхэн зочлоорой.

                                                                                                                                 Ярилцсан  П.Болор                                                                                                                                                                        

 

Т.АМАРСАНАА: " VIP RESIDENCE ТӨСӨЛ МОНГОЛЫН БАРИЛГА, ОРОН СУУЦНЫ САЛБАРЫГ НЭГ ШАТААР АХИУЛЖ БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook