ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7-Р ХОРООНД "ДЭД БҮТЦИЙН ТӨВ" АШИГЛАЛТАНД ОРНО

2018/09/24
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7-Р ХОРООНД "ДЭД БҮТЦИЙН ТӨВ" АШИГЛАЛТАНД ОРНО

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд  хийгдэж буй "Дэд бүтцийн төв"-ийн ажлын явцтай танилцлаа.

Уг төсөлд 200 айл хамрагдах бөгөөд одоогийн байдлаар 63 өрх инженерийн шугам сүлжээгээ авахад бэлтгэн, байшингаа засварласан байгаа бол үлдсэн өрхүүд бэлтгэл ажлаа хийж байгаа аж.  

Нэг “Дэд бүтцийн төв” барихад ойролцоогоор 10 орчим тэрбум төгрөгийн зардал гарах бөгөөд 2020 он гэхэд 50 ширхэг "Дэд бүтцийн төв" барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна.

Сүхбаатар дүүргийн 18-р хороонд БХБЯ-ны хөрөнгөөр “Дэд бүтцийн төв” барих юм. Ийнхүү жишиг болох эхний хоёр "Дэд бүтцийн төв"-ийг нийслэл, БХБЯ-ны хөрөнгөөр байгуулахаар төлөвлөсөн бол дараа дараагийнхийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт юм уу, зээл тусламжаар барьж байгуулна гэсэн үг.

Нэг айлын дулаан, цэвэр, бохир усны асуудлыг шийдэхэд 60 орчим сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг нийслэлийн төсвөөс гаргах юм. Харин төв шугамаас салбар шугамаа байшин руугаа оруулах, байшингаа дулааны алдагдалгүй болгох, дотоод сантехникийн тохирох шийдлүүдээ сонгох зэрэг ажлуудад зарцуулах хөрөнгийг иргэд өөрсдөө гаргах аж.

Чингэлтэй дүүргийн 7-р хороонд хэрэгжих төслийн хувьд: Байшингаа дулаалах зардлын 70 хувийг Дэлхийн Банкны төслөөс, 30 хувийг иргэд өөрсдөө гаргах, цаашлаад сантехникийн шийдэл, бусад асуудлаа шийдвэл Улаанбаатар хотын Худалдааны танхим, Хас банктай хамтран хэрэгжүүлж байгаа "Ногоон Сан"-гаас хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар төлөвлөжээ.

                                                                                                                                                          П.Болор

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7-Р ХОРООНД "ДЭД БҮТЦИЙН ТӨВ" АШИГЛАЛТАНД ОРНО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook