1006 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭЭД ӨМЧЛҮҮЛНЭ

2018/07/09
1006 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭЭД ӨМЧЛҮҮЛНЭ

Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт Корпорейт зочид буудалд боллоо. 

Уулзалтад Монгол, Хятадын талын хөрөнгө оруулагчид хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм. 

Манай улсын 110 гаруй аж ахуйн нэгж,  ӨМӨЗО-ны 80 гаруй компанийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон энэ уулзалтын үеэр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын 12 гэрээг үзэглэсэн юм. 

Тухайлбал, Өвөрмонголын “CYCK” компани манай улсад гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамтран ажиллахаар болжээ.

Тус компанийн ерөнхий захирал Wu Zhen Jun: 

“Бидний хэрэгжүүлэх төслийн хүрээнд бага орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилготой. Эхний ээлжинд Сонгино­хайрхан дүүргийн зургадугаар хороонд 1006 айлын орон сууц барина. Энэ орон сууцыг 15 жилийн хугацаанд түрээслүүлж, дараагаар нь өмчлүүлэхээр төлөвлөж байна. Төслийн санхүүжилтийг Хятадын Хөгж­лийн Банкнаас гаргана” гэв. 

"БНХАУ-ын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон автозам, автомашины зогсоолтой, 9-15 давхар бүхий 1006 айлын орон сууц барихаар төсөл боловсруулаад байна. Орон сууц нь 30-75 м.кв талбайтай байх бөгөөд түрээсийн төлбөр м.кв нь 7500 төгрөг байхаар тооцсон" гэж нийслэлийн удирдлагууд өнгөрөгч 11-р сард ярьж байв. 

Тухайлбал: 40 м.кв талбай бүхий орон сууц түрээслэх иргэн түрээсийн төлбөрт сард 300 мянган төгрөг, үүн дээрээ нэмээд ашиглалтын зардал буюу цахилгаан, ус, дулааны мөнгөө төлөх юм.

                                                                                                                                                                                                                                                                                                                                           П.Болор

1006 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭЭД ӨМЧЛҮҮЛНЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook