Х.БАДЕЛХАН: "ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД УРЬДЧИЛГААГҮЙ, ХҮҮГҮЙ НӨХЦЛӨӨР ОРОН СУУЦ ОЛГОХ ГАРЦ ХАЙЖ БАЙНА"

2018/06/23
Х.БАДЕЛХАН: "ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД УРЬДЧИЛГААГҮЙ, ХҮҮГҮЙ НӨХЦЛӨӨР ОРОН СУУЦ ОЛГОХ ГАРЦ ХАЙЖ БАЙНА"

Зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцыг төр худалдан авч төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй нөхцөлөөр олгох боломжийг Засгийн Газрын түвшинд ярьж, судалж байгаа талаар БХБ-ын сайд Х.Баделхан ярьжээ.

Улаанбаатар хот болон аймгуудад баригдаж байгаа орон сууц, ашиглалтанд орох хугацаа, ашиглалтанд орсон боловч борлогдоогүй орон сууц, орон сууц хэрэгцээтэй өрх, үүнээс бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт, орон сууц түрээслэх хэрэгцээтэй иргэдийн тоо гэх зэргийг багтаасан судалгааг “Тэнхлэг зууч” компани хийж гүйцэтгэн өнгөрөгч 5-р сард БХБЯ-нд хүлээлгэн өгсөн.

Монгол улсын хэмжээнд 2017 оны байдлаар нийт 192,475 төрийн албан хаагч ажиллаж байна. Нийт төрийн албан хаагчийн 49,3 хувийг Улаанбаатар хотын төрийн албан хаагчид эзэлж байна. 

127,585 төрийн албан хаагч нь өөрийн эзэмшлийн сууцтай бөгөөд 5442 төрийн албан хаагч нь бусдын өмчлөлийн сууцанд түрээсээр амьдарч байна. 5626 төрийн албан хаагч бусдын өмчлөлийн сууцанд төлбөргүйгээр амьдарч байна.

Орон сууц худалдаж авах хэрэгцээтэй 56,467 төрийн албан хаагч байгаагийн 14,306 нь ямар ч үл хөдлөх хөрөнгөгүй, 42161 өрх ямар нэгэн үл хөдлөх хөрөнгөтэй байна.

 

Төрийн албаны хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцжуулах үүргийг төр хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэх үүднээс зах зээл дээр бэлэн байгаа орон сууцыг төрийн албан хаагчдад олгоё гэж байгаа бололтой.

Харин орон сууцыг хэрхэн олгох, хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

“Эдийн засгийн байдал сайнгүй ийм нөхцөлд төрийн албан хаагчдыг ямар замаар орон сууцтай болгох вэ гэдгийг судалж байгаа” гэж БХБ-ын сайд Х.Баделхан ярьсан.

Тэгэхээр хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй, санаанаас цаашгүй байгаа гэхэд болно.

Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах болон зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцыг эргэлтэд оруулах ямар гарц байгаа талаар хэн юу гэж ярьж байсан бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Ашиглалтанд орсон болон 2018 онд ашиглалтанд орох орон сууцыг төрийн албан хаагчдад цалингаар нь барьцаалаад нэн яаралтайгаар өгье. Гэр хороололд амьдарч байгаа эмч, багш, онцгойгийн ажилчдыг оруулъя гэсэн саналыг Засгийн Газрын түвшинд хэлэлцэж байна”.

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Г.Занданшатар:

"Борлогдоогүй орон сууцны дийлэнхи нь 3 өрөө буюу 80 м.кв-аас дээш талбайтай байгаа. Эдгээр орон сууцанд нөхцөл сайжруулах зээлээр одоо орон сууцанд байгаа айл өрхийг шилжүүлж, чөлөөлөгдсөн 80 м.кв-аас доош талбайтай байранд орон сууцгүй айлуудыг оруулах бодлогын арга замыг эрэлхийлж байна".

Ямартай ч зах зээл дээр бэлэн болсон болон удахгүй ашиглалтанд орох орон сууцнуудыг эрэлттэй нь хэрхэн холбох талаар Ерөнхийлөгч, Засгийн Газар, салбарын яам бүгд л олон янзын хувилбар гаргаж ярилцаж байгаа аж.

Хэзээ шийдлээ олох, эх үүсвэрээ хаанаас гаргах зэрэг нь тодорхойгүй үлдэж байна. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                       П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Х.БАДЕЛХАН: "ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД УРЬДЧИЛГААГҮЙ, ХҮҮГҮЙ НӨХЦЛӨӨР ОРОН СУУЦ ОЛГОХ ГАРЦ ХАЙЖ БАЙНА"  
Тэнхлэг зууч ХХК - Facebook