Б.ЭНХБАЯР: "ЭНЭ ХУУЛЬ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ ГАРДАГ ЛУЙВРУУДЫГ ЗОГСООНО"

2018/06/22
Б.ЭНХБАЯР: "ЭНЭ ХУУЛЬ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ ГАРДАГ ЛУЙВРУУДЫГ ЗОГСООНО"

Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Билэгтийн асуусан асуултад Хууль Зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хариулахдаа:

"Газрын харилцааны бодлогыг нэгдсэн бодлого, арга зүйгээр удирдах ёстой гэдэг М.Билэгт гишүүний зарчмын байр суурийг талархан хүлээн авч байгаа. Манай улс 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэсэн харилцааг зохицуулсан. 2002 онд Газар өмчлөлийн тухай хуулийг баталсан. 1996 онд орон сууцаа өмчлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нэг сая орчим орон сууц улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Нэг сая орчим газар өмчлөх, ашиглах эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Эдгээр бүртгэл тус тусдаа, өөр сайд, яамдын эрхлэх асуудлын хүрээнд зохицуулагдсан байна. Манай улс нүүдэлчин соёлын уламжлал, иргэншил, түүхтэй. Тэр утгаараа газар дээр гэрээ бариад, дуртай үедээ буулгаад нүүгээд явчихдаг. Газар ба газар дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн харилцааны уламжлалт суурь ойлголт багатай байсан. Энэ хүрээндээ ч гэсэн газар ба орон сууцаа тус тусад нь бүртгэж явжээ. Одоо бол боломжгүй болсон.

Тухайлбал, өнөөдөр нийтийн орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууц худалдаж авч байгаа иргэн өөрт ногдох хуваарьт газраа эзэмшихгүй байгаа. Тухайн орон сууц нь газар хөдлөлтөд өртвөл яах ва, гал түймэрт өртвөл яах вэ, хуучирч элэгдээл муудвал яах вэ. Бүх амьдралынхаа турш зээл аваад ирээдүйн амьдралаа барьцаалаад орон сууцтай болж байна, иргэд маань. Тэр хөрөнгийг баталгаажуулж, бүртгэж хамгаалах эрх зүйн орчинг бий болгох шаардлага үнэхээр байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагалдаж байгаа тогтоолын төсөл дээр "Иргэний хууль"-д нийцүүлээд газрын харилцааны тухай хуулийг оруулж ир гэдэг үүрэг Засгийн Газарт өгөгдөж байгааг талархан хүлээж авч байна.

Яагаад гэхээр М.Билэгт гишүүний хэлсэнчлэн тусгай хамгаалалттай газар нь Байгаль Орчны Яам, бэлчээрийн газар нь Хөдөө Аж Ахуйн Яам, уул уурхайн лиценз нь Уул Уурхайн Яам, эрхийн бүртгэл нь Хууль Зүйн яаманд салангид байдлаар бүртгэл мэдээлэлтэй явдаг. Үүнээс улбаалсан зөрчил, давхцал, мэдээллийн зөрүү нь иргэдийг ихээр эрсдэлд оруулж байна. Үүний цаана авилга нуугддаг. Үүнийг хууль эрх зүйн орчноороо цэгцэлж зохион байгуулалтад оруулна.

УИХ-ын тогтоолын төсөлд энэ асуудлыг намрын чуулганд оруулж ир гэсэн үүрэг өгөгдөж байгаа. Энэ чиглэлээр Засгийн Газрын холбогдох яамдууд эрчимтэй ажиллаж, УИХ-аас өгсөн даалгаврыг хэрэгжүүлж ажиллана гэж бодож байна. Ер нь бол энэ хуулийг дагалдаад бас нэг зарчмын асуудал орж ирж байгаа нь цаашдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, иргэдийг залилан мэхэлдэг гэмт хэрэг байхгүй болно. Энэ хууль батлагдсанаар залилагчид гэмт хэрэг үйлдэж чадахгүй болно. Яагаад гэвэл, газар ба үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, өмчилж, барьцаалсан байгаа бүх мэдээллийг ил тод болгож байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдийг эрсдэлээс хамгаална. Тодруулж хэлэхэд, хэн нэгэн хуурамч үнэн эсэх нь мэдэгдэхгүй нэг гэрчилгээ барьчихаад зарах гээд, барьцаалах гээд байгаа асуудал байвал нээлттэй мэдээллийн санд ороод үнэхээр тэр хүний нэр дээр байна уу, үгүй юу. Барьцаалагдсан байна уу, үгүй юу. Бусад банк, санхүүгийн байгууллагын барьцаанд байна уу, үгүй юу гэдгийг нээлттэй харах боломжтой болж байна. Энэ хэрээрээ иргэдээ бид эрсдэлээс хамгаалах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн салбарт гарч байсан луйврууд энэ хуулийн ачаар зогсч, иргэдээ бид хамгаалах боломжтой болж байна" гэв.

Б.ЭНХБАЯР: "ЭНЭ ХУУЛЬ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ ГАРДАГ ЛУЙВРУУДЫГ ЗОГСООНО"  
Тэнхлэг зууч ХХК - Facebook