"ШИНЭЧЛЭЛ ХОРООЛОЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 3358 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАНА

2018/06/16
"ШИНЭЧЛЭЛ ХОРООЛОЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 3358 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАНА

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 1000 орчмын А хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Шинэчлэл хороолол” төслийн үйл ажиллагаатай НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.

"Шинэчлэл хороолол" төсөл нь нийт 39.7 га талбай буюу 581 нэгж талбар бүхий газарт хэрэгжинэ. 2026 он хүртэл үргэлжлэх энэ төслийн хүрээнд 3358 айлын 43 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг, оффис, худалдаа үйлчилгээний төв барихаар төлөвлөсөн байна. Мөн Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар 120 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг барьж 2019 онд ашиглалтанд оруулах аж.

Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан "БАРМОН" ХХК эхний ээлжийн 37 айлын газрыг чөлөөлж, 234 айлын хоёр блок орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд ирэх арван нэгдүгээр сард ашиглалтанд оруулж газраа чөлөөлсөн айлуудыг оруулах юм.

Тус компани ирэх 2020 он гэхэд 828 айлын орон сууц буюу 9 блок барилга ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

“Дулаан хангамжийн хэсэгт тулгамдаж байгаа асуудал байна. "Ус Дулаан Дамжуулах Төв-2" гэдэг дулааны төв ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн. "Эрдэнэ Суварга" компани газар чөлөөлөлт дээрээ асуудал үүсгэж байгаа. БХБЯ болон нийслэлтэй хамтраад зохих арга хэмжээг авч байна. Дулааны холбох чигийг "Улаанбаатар Дулааны Сүлжээ" компанитай ярилцаж байгаа. Эдгээрийг шийдчихвэл ажил сайн явагдаж байна” хэмээн “Наму дэвжих” ХХК-ийн ерөнхий инженер Г.Ганбаатар ярилаа.

"Шинэчлэл хороолол" төслийн хүрээнд иргэдийн газрыг метр.кв-ыг нь 200 мянган төгрөгөөр үнэлжээ. Ингэснээр 0.07 га газартай өрх 140 гаруй сая төгрөгийн үнэ бүхий орон сууцаар газраа сольж байгаа аж.

Цаашид дулааны эх үүсвэрийг төвийн шугамтай холбох, 800 метр замыг засах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай талаар төсөл хэрэгжүүлэгчид ярьж байна.

“Энэ төслийн шугам сүлжээний асуудал дээр нийслэл болон БХБЯ дэмжин ажиллаж байгаа. Эх үүсвэрт холбох ажил удаашралтай явж байна. Ирэх есдүгээр сард холбогдоно. Айлууд орон сууцанд орох нөхцөлтэйгээр газраа чөлөөлсөн. Эхний ээлжийн орон сууцанд 80 гаруй айл орно” гэж НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат ярьсан.

НИТХ-ын дарга С.Амарсайхан:

“Нийслэлийн зүгээс, богино хэмжээний замын асуудал, орчны тохижилт гэх мэт жижигхэн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна. Энэ ажлуудыг цаг алдалгүй дэмжээд өгвөл төлөвлөсөн хугацаандаа ашиглалтанд оруулах боломж нь бүрдсэн байна. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, зам, дэд бүтцийн асуудлыг шийдэж өгнө. Төсөвт суулгахыг нь  суулгана. Түүнээс наана боломжит хэлбэрээр санхүүжилтийг нь шийдэж, нийслэлээс шалтгаалах ажлуудыг нь дэмжиж ажиллана” гэлээ.

Төслийн хөрөнгө оруулалт 203 сая доллар, нийт ашиг 132 сая доллар байхаар тооцоолжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                        П.Болор                                                                           

"ШИНЭЧЛЭЛ ХОРООЛОЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 3358 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook