4320 АЙЛЫН, ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ ХҮСЛЭЭ

2018/04/24
4320 АЙЛЫН, ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ ХҮСЛЭЭ

БХБ-ын сайд Х.Баделхан ажлаа хүлээж авсан даруйдаа манай улсад суугаа хэд хэдэн орны элчин сайд, олон улсын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан салбарынхаа төдийгүй улс орны “толгойны өвчин” болсон олон асуудлыг тоочиж, зээл тусламж хүссэн.

“Төв цэвэрлэх байгууламжаа цогцоор нь шинэчилмээр байна, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэх гэтэл хөрөнгө мөнгө байхгүй байна, туслаач” гэж гадны нөхдүүдээс боловсноор гуйсан хэрэг.

Тухайлбал: 2017 оны 11 дүгээр сард Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд  Халид Яатийм Аль-Фадлийг хүлээн авч уулзан, ипотекийн  зээлийн эх үүсвэр хумигдаж орон сууцны борлуулалт зогсонги байдалд орсон нь салбарын эдийн засгийн эргэлтэд сөргөөр нөлөөлж байгааг дурдан, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаар Засгийн Газартаа уламжилж өгөхийг хүсч байв.

Элчин сайд ч Х.Баделхан сайдыг дотны анд, ах, сайн найзыгаа гэж бодож явдгаа хэлээд авсан. Тэрээр БХБЯ-ыг төслүүдээ албан ёсоор Арабын хөгжлийн Кувейтийн санд хүргүүлэх хэрэгтэй, харин ипотекийн зээлийн асуудлаа Монгол Улсад болох Монгол, Кувейтийн Засгийн Газар хоорондын комиссын хуралдааны үеэр хэлэлцүүлвэл зохимжтой гэж зөвлөж байлаа.

Тэгвэл өнөөдөр БХБ-ын сайд Х.Баделхан Кувейтийн элчин сайдтай дахин уулзжээ.

Кувейт улсын элчин сайдын зөвлөж байсны дагуу төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийг хүргүүлснээ Х.Баделхан сайд яриандаа дурдаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй иргэдийн худалдан авах чадварт нийцсэн 4320 айлын орон сууцны  хорооллыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ үү гэсэн хүсэлтийг тавилаа.

Кувейт улсын элчин сайд уг төслийг Засгийн Газартаа уламжилснаа хэлээд, шийдвэрлэх боломжийн талаар өөрийн зүгээс хүчин чармайлт гаргана гэж амлахын  хажуугаар Кувейт Улсын Элчин Сайдын Яамны байрыг барих газар олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн Газарт уламжилж өгөхийг хүснэ лээ...

                                                                                                                                                                                                                                                                                                                                           П.Болор

4320 АЙЛЫН, ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ ХҮСЛЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook