ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГИЙГ 74 АЙЛ АВЧЭЭ

2018/06/07
ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГИЙГ 74 АЙЛ АВЧЭЭ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн айл өрхүүд орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх тухай шийдвэрийг Нийслэлийн Засаг Дарга С.Батболд гаргаж, "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-г байгуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. 

Гэр хорооллын айл өрхүүд газраа орон сууцаар шууд солих байтал, зөвхөн урьдчилгаа төлбөрийн оронд газрыг нь авч байгааг шүүмжлэх нэг хэсэг байгаа юм. 

Ямартай ч нэгэнт хэрэгжээд эхэлсэн энэ ажил хэр үр дүнтэй байгаа талаархи мэдээллийг хүргэе.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 260 гаруй иргэн өргөдөл, хүсэлт гаргаж дээрхи санд ханджээ. Эдгээр иргэдийн дийлэнхи нь байраа сонгоогүй, банкнаас зээлээ шийдүүлж чадаагүй байгаа аж. 

Одоогийн байдлаар 74 иргэн урьдчилгаа төлбөрөө шийдүүлж орон сууцандаа орсон байна.

"Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-д Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэд голчлон хандаж байгаа бөгөөд урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авсан иргэдийн 50 орчим хувь нь  Сонгинохайрхан дүүргийн иргэд байгаа юм.

Урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах иргэн нь орон сууцгүй, өмнө нь ямар нэгэн орон сууцны өмчлөлийн түүхгүй, нийслэлийн газрын санд шилжүүлэх газрын хэмжээ 400 ам метрээс дээш байхын зэрэгцээ тухайн газар дээрээ нэгээс дээш жил амьдарсан байх ёстой. 

Дээрхи  шаардлагыг хангаж буй иргэд орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлт гаргах боломжтой. Хүсэлтийг Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газарт хүлээн авч байна.

Иргэн хүсэлтээ гаргаснаас хойш асуудлыг шийдэх хугацаа харилцан адилгүй байгаа нь "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-гийн удирдах хороо сард 1-2 удаа хуралдаж шийдвэр гаргаж байгаа болон иргэд банкнаас тавьж буй шаардлагыг хангахад нэлээд цаг хугацаа зарцуулж байгаагаас шалтгаалдаг гэж албаны хүн ярьсан юм.

                                                                                                                                                                                                                                                                                                                                           П.Болор

ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГИЙГ 74 АЙЛ АВЧЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook